УИХ-ын чуулганы /2026.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг нийтдээ 40 гишүүн хамтран өргөн барьсан. АН-ын бүлгийн дийлэнх гишүүд уг хуулийг өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд бид ардчиллаас ухарч байна, эрх мэдэл хэтэрхий их төвлөрч байна, дарга төвтэй нийгэм боллоо гэдэг талаар шүүмж нийгэмд их байна. АН-ын хувьд Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хамгаалах, ардчилсан тогтолцооныхоо дархлааг хамгаалах, парламентын дархлаагаа хамгаалах тал дээр хатуу байр суурьтай зогсож байгаа.Эрх мэдлийн төвлөрлийг олон арга хэрэгслээр бий болгодог. Хууль тогтоомжоор, институц хоорондын харилцаагаар, орон зайн төлөвлөлтөөр гээд. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газраа, Ерөнхий сайдаа томилж байгаа. Гэтэл танхимынх нь зохион байгуулалтаар Ерөнхий сайд нь дээрээ гараад суучихсан, Их хурлын даргын хажууд Ерөнхийлөгчийн суудал байдаг. Тэгэхээр дарга төвтэй үзэл санаа төрийн 3 өндөрлөг гэдэг нэр томьёо, энэ танхимаас эхлээд байна. Энэ нэр томьёо хаана ч байхгүй. 3 сандал зэрэгцүүлээд парламентынхаа танхимд тавьснаас үүдсэн асуудал. Ерөнхий сайд парламентаасаа томилогдоод, ажлаа тайлагнадаг юм бол яагаад дотор нь суугаад харилцан эрх тэгш байдлын хүрээнд ярихгүй байгаа юм бэ? гэдэг зүйлийг өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Үүний хүрээнд өнөөдөр болох УИХ-ын асуулгын цагийг санаачилсан. Ерөнхий сайд индрээсээ бууж ирээд гишүүдтэй нэг түвшинд мэтгэлцэхэд юу өөрчлөгдөж буйг хүмүүс харж байна. Тэгэхээр хойморт байгаа хурал даргалагчийн суудлыг үлдээгээд нөгөө 2 суудлыг авч хаях нь эрх мэдлийн төвлөрлөөс орон зайн төлөвлөлт зохион байгуулалтын хувьд гарах маш чухал ач холбогдолтой. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулахын тулд энэ хуулийг дэмжээч ээ гэж хүсэж байгаа юм.