УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асуулаа. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Вакцинтай холбоотой дэлхий дахины болон геополитикийн байдлыг үнэлж улс төрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн социолдемакрат намуудын олон улсын байгуулгын хурал болсон. Энэ хурлаар цар тахлын нөхцөл байдал тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, вакцинаас улбаатай хүртээмжгүй байдал, хуваагдал бий болсныг ярьсан. Энэ нөхцөл байдал Монгол Улсын хувьд илэрч байна. Хэдийгээр манай улс 65,1 хувийг вакцинжуулсан ч гэсэн, 2 тундаа бүрэн хамрагдсан ч синофарм вакциныг Европын оронд хүлээн зөвшөөрөхгүй байна. Европын холбооны эмийн агентлаг энэ тал дээр шийдвэр гаргаагүй байгаа. Үүнээс хамааран Европын оронд зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд бид явах эрхгүй болоод байна. Одоогоор 10-аад улс хүлээн зөвшөөрөөд байна. Вакцин сонголт дээрээ улс төрийн мэдрэмжтэй хандаж, нөхцөл байдлыг сайн судлах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн байгаа боловч ОХУ-ын вакцин, БНХАУ-ын вакциныг Европ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаашдаа вакцины татан авалт дээр ямар арга авч байгаа вэ? Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзриг асуулт асуулаа. Энэ танилцуулгаас харахаар вакцинд хамрагдалтаар дэлхийд өндөр орсон гэсэн байна. Ор дэлгэлтийн байдлыг харахаар бас өндөрт байна гэнэ. Яагаад энэ халдварын тоо буурахгүй, тогтмол өндөр байгаад байна вэ? Яагаад нас баралт буурахгүй байна вэ? Халдварын голомтыг бууруулах зорилтоор ямар арга хэмжээ авч байна вэ? Хоёр хүсэлт байна. Яам өөрсдөө бодлого барьж, мэдэж байгаа хүмүүс атлаа орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөл боломжийг нь хумиад байна. Өвөрхангай аймгийн Баянгол сумын магадлангийн хугацааг сунгаж өгөөч гэж өнгөрсөн зун хүссэн. Тэр магадлангийн хүмүүс нь ирээгүй амарч байгаа гэж явсаар байгаад 7 дугаар сарын 24-ны өдөр хугацаа нь дууссан. Магадланг 8 дугаар сарын 26-наар сунгасан байна. Сунгахдаа 8-р сарын 26-наас эхлэн хоёр жилийн хугацаатай сунгачихсан. Энэ шийдвэрээс болооод 2 сар магадлан байхгүй гээд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээ авч чадаагүй байна.Яагаад яам магадланг сунгахдаа хугацаа алдалгүй сунгах арга хэмжээ авч чадахгүй байна вэ? Энэ талаар шийдээд өгнө гэсэн байхгүй байна. Өвөрхангай аймагт тархалт бас өндөр байна. Хөдөө орон нутгийн эмнэлэгт машины асуудал шийдэж өгнө гэсэн одоо болтол байхгүй. Шуурхай, шийдэмгий, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа. Монгол Улс нэг хэсэг ковидын халдварын тархалтаар дэлхийн 200 улс орон дотроо байхгүй таван орны нэгдүгээрт багтаж байсан. 2019-2020 оны ханиадыг ковид биш гэж үздэг. Би бол ковид гэж боддог. Тэр үед оношлуур хөгжөөгүй байсан. Өнөөдөр нас баралт, өвчлөлөөр дэлхийд дээгүүр явж байна. Бид зээл аваад мөнгө зараад л байгаа боловч үр дүн муутай байна. Өнөөдөр гэхэд л 40 сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авч оношилгоо, эмчилгээ худалдаж авахад зарцуулахаар төлөвлөж байна. Таван ихнаядыг одоогийн байдлаар зарцуулаад байгаа. Үр дүн үнэхээр муу. Би нэг зүйлд харамсаж явдаг. Манайх бусад улс шиг нэг вакцин тариагүй. Дөрвөн өөр улсын дөрвөн өөр шинжлэх ухааны ололтыг ашигласан, үр дүн нь өөр вакциныг хэрэглэж нарийн гаргасан үр дүн байхгүй байгаа. Нэг ёсондоо туршилтын туулай болсон. Бид ард иргэддээ газар газрын вакциныг туршилтын туулай болгоод хийчихлээ. Үүний харицлагыг эрүүл мэндийн яам, засгийн газар хариуцах ёстой. Герман Улсад зөвхөн дархлаанд найдах ёстой гэдгийг хэлж байна. Ялангуяа хүүхдийн хувьд. Хүүхдийг уламжлалт аргаар 3 хоног эмчилж эдгээсэн байна. Манай улс шиг вакцинд найдахгүй байна. Шинжилгээнд өдөрт 400-500 сая төгрөг зарцуулж байгаа юм уу? Онгоцноос буугаад ирэхэд л шинжилгээ авна гэж оочирлож байна. Төсвийн тодотголоор шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Мөнгийг харамгүй зарж байгаа. Үр дүн маш муу байна. Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа. Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байгаа. Энэ үед эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтан ар гэрээ умартан зүтгэж байна. Тэд нарын хичээл зүтгэлийг бид үнэлэх ёстой. Удирдлагын түвшинд баталж өгсөн хууль, санхүү мөнгийг үр дүн гаргаж ажиллаж чадахгүй байна. Хичээж ажиллах хэрэгтэй. Зардлын тайланг цаасаар авах хүсэлтэй байна. Өмнө нь авсан вакцины төлбөрийг энэ зээлээр хаана гэж ойлголоо. Ямар үнэтэй, хэдэн тун вакцины үнийг хаах гэж байгаа вэ? Манайд дөрвөн төрлийн вакциныг тарьж байгаа. Энэ вакциныг тариулсан хүмүүс халдвар авсан гэх хувь, тоо байна уу? Нас баралтын тоог өдөр өдөртөө гарч байгаа. Энэ тоо баталгаатай юу? Өнгөрсөн жилийн нас баралтаас хэдэн хувиар өссөн, буурсан гэх тоо баримт байна уу? ПСР шинжилгээ авах газар олдохгүй байна гэж гомдол их ирж байна. Түргэвчилсэн оношилгоо өндөр үнэтэй байна гэж байна. эрүүл мэндийн сайд яг энэ үнийн талаар мэдээлэл байна уу? Мөн Б.Жавхлан сайдаас асуух асуулт байна. Монгол Улсын өрийн таац яг хэдэн хувьтай байна вэ? Ирэх оны төсөв дээр 70-тай байхаар оруулсан байна. Яг өнөөдөр хэдтэй байна вэ? Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. Энэ хуулийг төслийг дэмжиж байна. Энэ хүнд цаг үед хөнгөлөлттэй зээл авч ашиглах нь зүйтэй. Хамгийн гол нь зээлийн ашиглалт ямар байгааг анхаарах хэрэгтэй. Аливаа зүйл ил тод, нээлттэй, зарцуулалт ойлгомжтой, гарч байгаа үр дүн тодорхой байлгах хэрэгтэй байна. Эцэс төгсгөлгүй хардлага гардаг. Гэхдээ шилэн, ил тод байх нөхцөлийг хангаж чадаж байна уу? Мөн бүх түвшинд ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө ойлголтын зөрүүтэй юм яриад байна. Энэ цаг үед хүн болгон эмч болчихсон, шинжээч болчихсон мэт ярьж байна. Та нар нэгдсэн нэг ойлголтыг өгөх хэрэгтэй байна шүү. Тэгэхгүй тэс хөндлөн зүйл яриад байгаа. Энэ ковидын нөхцөл байдал, энэ цар тахлаас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн хямрал хүндрэлтэй байдалд анхаарал хандуулахгүй бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс эхлээд олон хүндрэлтэй зүйлүүд гарч ирлээ. Ажлын байр хомсдож байгаатай холбоотой асуудал, бараа бүтээгдэхүүний үнэ, уул уурхайгаас гаргаж экспортолж байгаа нүүрсний хилийн боомтын асуудал гээд олон асуудал байна. Энэ байдлаараа улам хүндрэх шинжтэй байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав.