УИХ-ын чуулганы 2024-01-17-ний хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Нэгдүгээрт, 2019 оны хэлэлцээрээр 1 тэрбум 236 саяын гэрээ хийгээд одоо 34% нь үнийн өсөлт гэж орж ирж байгаа хэмээн ойлгосон. Энэ яагаад 44 саяар нэмэгдчихэв. 34% нь 420 сая баймаар харагдаад байх юм. 464 сая доллар 44% нь юуных вэ? Хоёрдугаарт, энэ үнийн өсөлтийг хаана, хэн баталгаажуулав. Аудит, хөндлөнгийн хяналт хийгдсэн үү? 236 сая ам.долларыг дараагийн 464 рүү нэмж 700 болгож хэлэлцээрийг хийж байгаа. Өмнөх хэлэлцээрээс 236-г татаж байгаа шалтгаан нь юу вэ? Сүүлийн хэлэлцээр дээр хэд хэдэн хатуу заалтууд нэмэгдэж орж ирж байгаа. Энэ заалт дээр 236-гтатаж оруулж ирж байгаа үндэслэл нь юу юм? Мөн энэ зээлийн хэлэлцээр дээр нөхөн төлбөрийн асуудал тусгагдсан байгаа. Энэ нөхөн төлбөрийн заалт бол маш хатуу заалт. Нөхөн төлбөр, гэрээ хэлэлцээртэй холбоотой одоо асуудал үүсвэл үүнээс учирсан хохирлыг зээл олгож байгаа талын буюу Эксим банкны тодорхойлсон баримтаар нь шууд төлөхөөр байгаа. Нэг ёсондоо хохирлыг шууд нөхөн төлөхөөр байгаа. Энэ бид нарт ямар эрсдэлийг дагуулж байгаа вэ? Хугацаандаа төлчихвөл асуудалгүй л гэдэг юм яригдаад байгаа. Гэхдээ хугацаа хэтрэхээс гадна олон заалтууд энэ гэрээнд орчихсон байна. Гуравдугаарт, дараагийн нэмэгдсэн нэг заалт нь бол шүүх, маргаантай холбоотой асуудал. Монгол Улсад үүссэн энэ хэлэлцээртэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэхдээ Энэтхэг улсын хуулийг барина гэсэн ойлголт орж ирээд байна. Энэ зөв үү? Тэгээд энэ гарсан шийдвэрийг нь Монгол Улсын шүүх ямар нэгэн маргаангүй зөвшөөрнө гэсэн баталгааг бид нар гаргаж өгөөд байна. Энэ хэр үндэслэлтэй заалтуудорж ирээд байгаа юм бол?
УИХ-ын чуулганы /2025,01,23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Энэхүү хуулийн төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Х.Жангыбал дараах байр сууриа илэрхийлж байсан юм. Газрын тосны үйлдвэрийг барих нь зүйтэй. Энэ бол Монголын ард түмний хүсэн хүлээж, мөрөөдөж байгаа үйлдвэр.Нэлээд хугацаа өнгөрчихсөн байна. Гишүүддээ уриалж байна. Энэ зээлийг соёрхон батлахгүй бол үйлдвэр эхэлснээс хойш 700 сая доллар салхинд хийсэх гээд байна. Гэрээ хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ монголчууд биелүүлдэггүй гэсэн муу нэртэй үлдэхээр тийм эрсдэлтэй байна. Энэ зээлийг соёрхон батлаад, УИХ-аар явуулъя.УИХ-аар соёрхон батлахад дэмжлэг үзүүлээч гэж, уриалж хүсмээр байна.
УИХ-ын /2025.01.17/-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Энэ гэрээ маань Энэтхэг улсын хуулиар зохицуулагдаж байгаа. Тэгэхээр энэ гэрээн дээр хуулийн дүгнэлт хийлгэж авсан уу? Өөрөөр хэлбэл хэрвээ Энэтхэг улсын хуулиар хийгдэж байгаа гэрээ бол Энэтхэг улсын хууль мэддэг хуульч эсвэл хуулийн компани хуулийн дүгнэлт гаргасан байх ёстой. Тэр нь бид нарт танилцуулагдаж байх ёстой. Тэгэхгүй бол энэ гэрээний агуулга яг ямар үр дүнг бий болгож байгаа юм? Жишээлбэл дефолт үүссэн тохиолдолд ямар хамгаалалт байгаа юм? Нөгөө талаасаа энэ гэрээн дээр Энэтхэгээс заавал авах ёстой бараа материалын квоттой байна.Тэгтэл үүнээс хамаараад гүйцэтгэгч нь Энэтхэг тал. Тэгэхээр энэ контрактор болон үйлчилгээ үзүүлэгчээс хэрвээ дефолт болоход нөлөөлсөн бол зээлийн эргэн төлөлт дээр яаж нөлөөлөх юм бэ? Энэ талаар жишээлбэл И ПиСи контрактад нь тусгаж байгаа юу? Контрактын хариуцлага нь яаж бууж ирж байгаа юм гэдгийг мэдмээр байна. Зээлийнхээ хэмжээг нэмчихлээ. Зээлийн гэрээ 260 биш 700 болоод өсөөд ороод ирэхээр нөгөө ашиглаагүй зээлийн үлдэгдэлд тооцогдох хүүгийн хэмжээ чинь бүр өндрөөр бодогдож эхэлнэ ээ. Тэгэхээр бид нар яг энэ 700-гынхаа гэрээг хийчхээд нөгөө таазандаа тулгаад дахиад л ашиглаж чадахгүй удах юм биш биз дээ. Өнөөдөр бид нар энэ 700 сая долларыг зээлийн гэрээгээ зурчхаад тэр даруйд нь хэрэглээд эхлэх боломж бидний нөгөө төсвийнхөө шаардлагын хүрээнд байгаа юу? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг нар хариуллаа.
УИХ-ын /2025.01.17/-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Уянга: Газрын тос боловсруулах үйлдвэр маань баригдчихаасай. 2027 онд гэхэд бид нар дотоодоосоо бензин, түлшээ хангадаг болох юм сан. ОХУ-аас бараг 100% хамааралтай байдаг нь ямар хэцүү байдаг. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны газрын тосны бодлогын газрынхан Оросоос авах хэмжээгээ тохироход хүртэл ямар төвөгтэй байдгийг бол нэлээн сайн мэдэж байгаа. Тэгэхдээ энэ гэрээ заавал батлагдах ёстой. Өнөөдөр соёрхон батлах хууль нь орж ирж байна. Тэгэхээр соёрхон батлах хууль орж ирж байгаа гэдэг утгаараа хэлэлцээрт нь ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүд орохгүй гэж үзэх үү? Гэрээг нарийн уншихаар 2 зүйлийг заавал тодруулах хэрэгтэй байна. Ашиглаагүй зээлийн үлдэгдэлтэй коммитментфий буюу гэрээний 7.1-т зааснаар 0,5%-ийн хүү, алданги төлөх юм байна. Бид нарт танилцуулсан танилцуулгаар нийт зээлийн ашиглалтын хувь 15,8% байгаа. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөл нь яг адилхан гээд байх юм. Тэгэхээр ашиглаагүй байгаа зээлдээ бид нар хэчнээн хэмжээний мөнгө төлөөд байна вэ? Хоёрт нь 3.1.Д дээр зээлдэгчийн газар нутагт ноогдох бүх төрлийн татвар хураамжаас чөлөөлөх ийм заалт бол орсон байна. Үүнд НДШ орно гэж ойлгоод байна. Тэгэхээр ажил олгогч болон ажилтнаас төлөх шимтгэлийг аль алиныг нь яриад байна уу? Хэрвээ хоёулаа яригдаж байвал яагаад энийг чөлөөлөх ийм нөхцөлийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүн Гантогтох хариуллаа.
Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ төслийг улс орны хөгжилд хэрэг болох уу үгүй юу гэх талаас нь дүгнэж, ярих ёстой болов уу гэж бодож байна. Сүүлийн үед төсөл болгоныг ярихаараа Монгол Улсын тусгаар тогтнол гээд яриад байх юм. Монгол Улсын тусгаар тогтнол гэдэг чинь нефтийн үйлдвэртэй харьцуулшгүй том. Нефтийн үйлдвэрээс тусгаар тогтнол хамаарна гэсэн юм яриад байвал бид нар чинь 100 жил нефтийн үйлдвэргүй тусгаар тогтносон улс. НҮБ-д элсчихсэн явж байгаа. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнолыг жижиг түвшинд яриад байж болохгүй. Тиймээс хариуцлагатай хандах ёстой. Энд үйлдвэрлэгдсэн түлш импортын түлшнээс хямд байгаад Монголын үйлдвэрлэгчдэд импортын түлшнээс нь хямд түлш нийлүүлээд Монголын хөгжилд хувь нэмэр оруулаад ажлын байрыг бий болгоод Монголын бизнесүүдийн хөгжилд тус нэмэр болох ийм хэмжээний л төсөл гэж харж байгаа. Түүнээс тусгаар тогтнолтой уях юм энд юу ч байхгүй.Энэ байхгүй болчихвол Монгол Улс байхгүй болчих гээд байгаа юм шиг. Энэ төсөлтэй төсөлгүй Монгол Улс чинь оршин тогтноод явна. Хэмжээ дамжаандаа юмнуудаа зүйрлэж ярьцгааж байх хэрэгтэй. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь импортын түлшнээс хямдхан байх ёстой шүү. Тэгэхгүй бол дараа нь үйлдвэр барьчхаад одоо үндэсний үйлдвэр учраас энэнээс үнэтэй байх ёстой гээд илүү үнэтэйгээр Монголын хэрэглэгчдэд түлш нийлүүлээд. Эргүүлээд ийм үнээр зээлийг төлөх боломжтой юм гэдэг ийм асуудал харин ярихгүй шүү. Би энэ төслийг анх яригдаж байхад нь л. Энэ төслийн чинь үр дүнд гарах түлш чинь импортын түлшнээс хямд байна биз гээд асууж байсан. Алтай захирал хямд байна аа гэж хэлж байсан. Би үүнийг зөвхөн энэ хүрээнд нь л авч үзнэ.Хямдаараа төсвөөс дэмжлэг авахгүйгээр энэ өр зээлээ төлөөд дуусах боломжтой байгаа төслийг л арилжааны амьдрах чадвартай төсөл гэж үзнэ. Ийм байгаа гэж бодож байна. Энэ өөрчлөгдөөгүй байгаа гэж ойлгож байна. Ийм тохиолдолд бол энэ төсөл цаашаа урагшлаад явах ёстой. Түүнээс бол төслийнх нь өөрийнх нь хэмжээнээс хэтийдсэн зүйрлэлээр яриад байх хэрэггүй. Эрүүл бизнес утгаар нь л энийг харах ёстой л гэж бодож байна.